Monday, November 11, 2013

ОЙРАДЫН ИХ ХААН
Галданбошигт хаан /1644-1697/ нь Зүүнгарын хаант улсын хаан байв. Галданг багад нь Зонховын шавь дүлжин Давгажалцангийн хувилгаанаар өргөмжилжээ.
Чингээд 7 наснаас нь Лхас хотноо 5-р далай лам , Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна.
Тэрээр Төвдөд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм. Галданбошигт ойрдод ирээд Цорос аймгийн хан ор сууж ахынхаа хатан байсан тухайн үедээ
Ойрдын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож тархай бутархай баруун Монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх Монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж цэрэг армиа зузаатгасаар байв.1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Самарканд, Бухаар, Сайрам, зэрэг төв азийн 1000 гаруй том хот атгагдсан байлаа. Энэ үед төв азийн хамгийн хүчирхэг хүн Галданбошигт байлаа. Манж чинь улсад дагаар орсон бялдууч ноёдтой хийсэн тэмцэл нь түүнийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Манжийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд 1696 онд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000 Энх-Амгалангийн манж, Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэдэг. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан хааны цэргүүд эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв. Галданбошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ хааны хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин улс Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэжээ. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй юм.

No comments:

Post a Comment