Monday, November 11, 2013

ЗАХЧИН ТҮМНИЙ ТҮҮХЭЭС...,
Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Зэрэг, Манхан хэмээн сумдад Байтаг хавтгайн нуруунаас Ямаат уул хүртэлх газар нутагт Захчин түмэн голчлон нутаглаж байна. Ихэнх судлаачдын үзсэнээр Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардуудыг анх Захчин гэж нэрлэсээр, Захчин хэмээх угсаатны бүлэг буй болж , түүхийн тавцан дээр анх гарж ирсэн гэж үздэг боловчиг чухам яг хэдийд тэднийг анх хил хязгаарын харуулд гаргаж, хаана суулгасан бэ? гэдэг асуултын хариулт одоо бүрэн төгс олдоогүй байна. Өөрөөр хэлбэл Захчин нар чухам хэдийд угсаатны бүлгийн хувьд буй болов? гэдэг нь тодорхой бус байна.

18-р зууны тэргүүн хагасын эцсээр Зүүнгарын хаант улсын Киргиз, Дундад азийн Хотон, Уйгар угсааны зарим ханлиг улс, Халхтай хил залгадаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн Хавирга , Их Жултас, Бага Жултас, Булингар гол, Өрөнгө гол, Булган гол, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газар цувран сууж, Хилийг харгалзах алба гүйцэтгэж байснаас “Захчин” гэх нэрийг авчээ.
18-р зууны тэргүүн хагасын эцсээр Зүүнгарын хаант улсын хааны шууд мэдлийн 24 отог байсан бөгөөд Захчин нар нэг бие даасан отогт тоологддог байсан. Энэхүү отог нь 2000 гаруй өрхөөс бүрдэж байсныг хааны тохоосон Мамуд, Орхимжи, Дондог нарын гурван зайсан хуваан захирч хил хязгаараа харгалзан сахих ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулдаг байсан байна.
18-р зууны дунд үеэр Манж чин улс Зүүнгарын улсыг байлдан дагуулахад Захчин нар хамгийн түрүүнд өртсөн гэдэг. Алтайн ууланд тулж ирсэн Манжийн цэргийн эрхтэн нар Булган, Чигэл, Цагаан тохойд суусан Захчин нарыг эзлэн авч зайсан хөгшин Мамудад харгалзуулан зайлганы /цөллөгийн/ газарт суулгасан байна.
Гэвч 1756 онд Мамуд Амарсанаад баригдан алагдсан учир ач хүү Жамцанд түүний зэргийг залгамжлуулан мөн оны өвөл Захчин нарыг Зэрэг, Шар Хулсаны газарт суулгажээ. 1759 онд тэдэнд газар олгож Байтаг, Хавтаг хавиар нутаглуулсан гэдэг. Энд суулгасан захчины 9 сумыг албан ёсоор хошуу зохион баталж Жамцанд хошуу захирах тамга олгосон байна.
1911 онд Монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж Ар Монгол дахь Манжийн засаг захиргааг түлхэн унагаж, Манж цэргийн засаг захиргааг устгахад Захчин 2 хошуу Дөрвөдийн Үнэн Зоригт аймагт захирагдаж явав.
1912 онд Монголын засгийн газраас Захчины 2 хошууны ноёдод Манжаас олгосон хошуу захирах тамгыг хүчингүй болгож шинэ тамга олгон бүгдийн даргийг үе залгамжлах хошуу ноён болгон гүнгийн хэргэм шагнажээ.
Тэр үеэс Захчин хойд хошууг Захчины сэцэн гүний хошуу, урд хошууг Бейлийн хошуу гэх болжээ. Сэцэн гүний хошуу нь одоогийн Үенч сум, харин Бейлийн хошуу нь одоогийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай сум юмаа.
Энд Захчиний түүхийн багахан хэсгийг товч өгүүллээ. Та бүхэн харин мэргэн ухаандаа тунгаан сийрүүлэх байхаа.

No comments:

Post a Comment