Monday, November 11, 2013


ӨВӨӨГИЙН МИНЬ НУТАГ
Монголчуудад төрсөн газар нутаг, унасан бууриа дээдлэн шүтдэг уламжлал олон зууныг дамжин иржээ. Тэр сайхан ёс заншилийн нэг нь хүн төрсөн гэрийн буурь, унасан бууцан дээрээ гурвантаа хөрвөөвөл анхлан хорвоод төрсний адил сэтгэл хиргүй үйлс өөдөө болно хэмээн бэлэгддэг билээ.

2008 оны намар би өвөө эмээ хоёртойгоо тэдний төрсөн нутаг Дарви сумын Мөнгөн аяга багын нутаг Тунгалагийн талд очиж билээ. Өвөө минь төрсөн бууцан дээрээ хувцсаа тайлан хөрвөөхөд би гайхан учрыг лавлан дээрх ёс заншлыг олж мэдсэн юм. Харамсалтай нь яг унасан бууцных нь нэрийг одоо санахгүй юм. Өвөө минь цэл залуу насандаа жолоочийн мэргэжил эзэмшиж Ховд аймгийн барилга угсралтын контор, 4-р баазад жолоочоор ажиллаж Монгол орныхоо дөрвөн зүг найман зохисийн алтан шар замыг туулж ард олныхоо амин хэрэгцээг залгуулсаар ирсэн олон арван тээвэрчдийн нэг билээ.
Аймгийн АДХ-ын депутатаар хоёронтоо сонгогдож тээвэрчдийн бригадын ахлагч, монголын анхны саятан жолооч нарын нэг болжээ. Өвөөгийн энгэрт 5,6,7,8-р 5 жилийн гавшгайч, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон болон ойн медалиудаа ярайтал зүүсэн байх нь бахадмаар сайхан харагддаг.
Өвөөг маань Базарын Банзрагч гэвэл үе тэнгийнхэн андахгүй юм билээ. Бүгд л танимхайран магтацгаадаг. Өвөө эмээгийнхээ ачлал хайр дээр өсөж эрдэм номын захад хүрснийгээ хоёр буурлын минь төлж барахгүй ачлал хэмээн залбирч явдаг юм.
Өвөө маань төрсөн нутгаасаа гарч олон жил болсон боловч нутаг усаа байнга дурсан цаг зав гарах бүрдээ нутагтаа очдогсон. Өвөөгийн минь сэтгэлээс холдоогүй өнөө бидний бахархам сайхан Дарви нутгийнхаа тухай товчхон өгүүлсүү...

Ургуулан бодоход үүлэн дунд сүмбэрлэдэг
Унтах нойронд минь зүүдэн дунд зүмбэрлэдэг
Гангар цагаан Сутайгаа түшин
Галаа манасан Дарви нутгийнхан минь...

1921 оны хувьсгалаас өмнө одоогийн Дарви сумынхан Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуунд харъяалагдаж байлаа. Ам дамжсан домгоор Өэлүн хатны үе дамжсан тэнгэрлэг удмын олхонууд овогтнууд гэцгээдэг. Эрдэнэ бэйсийн хошууг 1921 онд Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу хэмээн нэрлэжээ. 1924 онд улсын анхдугаар их хурлын шийдвэрийн дагуу Сутай уулын хошууг Дарви сум хэмээн нэрлэжээ.
/ 2014 онд Дарви сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой болохнээ.../ Дарвид 1927 онд бага сургууль 1932 онд хүн эмнэлэг 1936 онд мал эмнэлэг 1957 онд харилцаа холбооны салбар үүсэн байгуулагджээ. 1931 онд Дарви сумаас Хайрхан сум тасарсан боловч 1932 онд эргэн нийлж 1934 онд дахин салах зэргээр хоёр сум хөдөлж нийлж будилж хөглөж явсаар 1940 онд 18 багтай 1100 гаруй өрхтэй сум болон одоогийн Булган хошуунд төвлөрчээ.
Дарви сум далайн түвшнээс дээш 4000 гаруй метр өндөр Сутай хайрхан, түүний салбар Хүрэн өндөр, Өлзийт, Жинст, Бумбат хайрхан, Музан , Хөшөөт зэрэг үзэсгэлэнт сайхан уулстай. Хүйс, тунгалаг, Дөргөн, Далан түрүүний дуниартан цэлийх талууд Буянт, Дэлгэр, Улаанбулаг зэрэг цэнгэг сайхан гол горхитой.
Дарвийнханд үеийн үед ээлээ өгсөн нутаг юмаа.
Энэ сайхан нутаг уснаас олон алдартан төрсөн бөгөөд Тухайлбал: МУ-ын баатар П.Чогдон, партизан Д.Дэлэг, Д.Даваа, Б.Пүрэв, П.Пүрэвжав, улс төр нийгмийн зүтгэлтэн Д.Гомбожав, Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу, МУ-н хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэл, хөдөлмөрийн баатар Б.Гэндэнпил, Б.Галсандорж , ардын жүжигчин Д.Мяасүрэн, урлагийн гавъяат зүтгэлтэн Э.Чойдог, дэлхийн аварга олимпийн хүрэл медалт Р.Даваадалай, гавъяат жүжигчин З.Галсанданзан, З.Пүрвээ, гавъяат нэгдэлчин И.Даваа гавъяат хуульч Б.Дагвадорж, гавъяат багш М.Цэрэнханд ардын эмч Б.Жав, гавъяат эмч Д.Самбуупүрэв, худалдааны гавъяат ажилтан З.Цагаан, гавъяат уурхайчин Ц.Намжил, шинжлэх ухааны доктор Л.Дорж, Б.Цэрэндаш, Д.Жамбал, Н.Нямдаваа, Д.Данзан, С.Норовсамбуу, монгол улсын заан хадагт хар хэмээх Д.Рэнцэндорж, ард аюуш киноны зохиолч Д.Содном, сэтгүүлч Г.Бямбажав спортын олон улсын мастер дэлхийг тойрсон 5 хуруу багийн гишүүн Ёндондаш нарын хөдөлмөр бүтээл оюун ухаанаараа Монгол орон, тив дэлхийд алдраа дуурсгасан олон хүмүүсээрээ Дарвичууд бахархдаг.
Дарвийн тухай цухасхан дурьдаж таниж мэдэх алдартнуудаа бичлээ. Миний мэдэхгүй алдар цуутай олон арван хүн байгаа нь дамжиггүй бөгөөд хэрвээ та энд бичигдээгүй ч бичигдвэл зохистой хүнийг таньж мэддэг бол бичээрэй.

1 comment:

  1. In the united states, the thickness of sheet metallic is commonly specified by a standard, non-linear measure CNC machining recognized as|often recognized as} its gauge. Commonly used steel sheet metallic ranges from 30 gauge to about 7 gauge. Gauge differs between ferrous (iron-based) metals and nonferrous metals corresponding to aluminum or copper. Copper thickness, for instance, is measured in ounces, representing the burden of copper contained in an area of 1 square foot. Parts manufactured from sheet metallic must keep a uniform thickness for best results.

    ReplyDelete