Monday, November 11, 2013

САНГИЙН ХОТ
Add caption


Ойрадын хаан Галданбошигт Зүүнгарын нэгэн боомт хотыг Ховд голын эрэг одоогийн Онгоцны улаан гэдэг газрын дээхэн талд байгуулж уг хотоо Ховд /элбэг баян гэсэн утгатай ойрд үг/ гэж нэрлэсэн.

Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Манжууд уг хотыг эзлэн амбан захирагчаа суулгаж байсан бөгөөд 1761 онд асар их хур орж Ховд гол үерлэн уг хотод хүн амьдран суух боломжгүй болгожээ. 1762 онд одоогийн байгаа Буянт голын эрэгт хотыг нүүлгэн суурьшуулж Сангийн хэрмийг манж амбаны цайз хамгаалалт болгон барьж "Сангийн хот", "их зээл" гэсэн хоёр хэсэг бүхий хот болон өргөжжээ. Хэрэм дорно дахины уламжлалт хэрмэн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй, жан цохисон шавран хашаатай, дөрвөн өнцөгтөө алсын бараа харах асартай, хэрмийн гадна талаар тойрсон усан хаалттай, хаалга бүрийг тосуулсан модон гүүртэй, гоёмсог орд харш ихтэй, арилжаа наймааны томоохон төв, гоёмсог хийцтэй сүм, Манжийн өргөө зэрэг бүтээн байгуулалтуудыг хүн бүр зорин ирж үздэг тухайн цаг үеийн хамгийн гайхамшигтай хөшөө дурсгал байв” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Сангийн хэрмийн өндөр нь 3 м, өргөн нь 1,5м, эргэн тойрон 1,2 км урт үргэлжилдэг, тэр бүү хэл хэрмийн дээгүүр 2 морин тэрэг зөрдөг байсан гэнэ. 1900-аад оны эхээр Оросын худалдаачид Монгол олноор суурьшин ажиллаж эхэлсэн тул хаант орос улс консулын газраа Ховд хотноо суулгажээ. Оросын консул одоогийн Мусолман шашинтны сүмийн баруун талд байсан бөгөөд сүүлд усны аж ахуйн удирдах газрын контор тэр байсан юм. Үүнээс хойш 150 шахам жил Манжууд уг хотыг баруун монголын томоохон төв болгож байсан бөгөөд 1912 онд Манжийн эсрэг Монголчуудын дайнд сангийн хэрэм доторх байгууламжууд шатаагдан тоногдож устсан бөгөөд их зээлийн хэсэг нь бүрэн бүтэн байсаар эдүгээгийн хөгжингүй ховд хотын үндэс болжээ.

Энэ хэрмийн хажуугаар явахдаа надад баярлах, харамсах сэтгэл аль аль нь төрж байлаа.
Баярлахын учир нь нэгэн цагт Манж чин улсын эрхшээлд байсан Монгол улс тусгаар тогтнож, харин тэрхүү тусгаар тогтнолын түүхийг гэрчлэх Манж амбаны амьдарч асан орд харшийн үлдэгдэл өнөө хүртэл хадгалагдан үлдсэн явдал. Харамсахын учир нь, түүхийн ахин давтагдашгүй энэ дурсгалыг хайрлаж хамгаалах, хэн нэгний өмчлөлд өгч эзэнтэй байлгаж чадаагүйд байгаа юм. Ховд хотыг 1931 оноос Жаргалант хот гэж нэрлэж байсан бөгөөд хожимоо дахин Ховд хэмээн нэрлэжээ. Жаргалант гэж нэрлэж байх үед хотын захиргааг Хотын хороо гэж нэрлэдэг байсан бөгөөд 1967 онд Ховд хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгийн Газар гэж нэрлэх болжээ.

No comments:

Post a Comment