Monday, November 11, 2013

 ХӨХ СЭРХИЙН НУРУУ


Хөх Сэрхийн нуруу нь Баян-өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Ховд сумдын нутгийн хилийн дагуу Монгол Алтайн нурууны хойт хэсэгт оршдог

бөгөөд байгалийн унаган төрх , экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг юмаа. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс дээш 4019 метр. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 километр зайтай оршдог.

Алтайн нурууны бартаа саад ихтэй, өндөр уулсын дунд оршдог тул авто хөсгөөр зорчих боломж бараг байхгүй юм. Иймд дархан цаазтай амьтад үргэж дүрвэхгүй, тааваараа тайван амгалан нутагшиж, өсөж үржих бололцоо нь бүрдсэн нутаг билээ. Тус нутгийн төв хэсэгт Хөх сэрхийн нуруу (3753 м) байрлах ба түүний зэрэгцээ Дэлүүний нуруу (3433 м), Тахилтын нуруу (4019), Нүцгэн хүрэн уул (3044 м), Бүргэд уул (3775 м), Ар тэрэгт (2755 м), өвөр тэрэгт (2478 м) зэрэг мөсдлийн хунх, нураг асга, гүн хавцал ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс орших тул дархан газрын нийт нутаг өндөр уулын хур цас, мөс, ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн ландшафтаас голчлон тогтоно. Эдгээр уулсаас Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага Нарийн, Хөх Сэрхэт, Улиастай, Буриг, Ар жүрт, Хөх сайр зэрэг олон гол, горхи эх авч урсана. Энэ уулын байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль, янгирын нөөцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977 онд дархан цаазтай газар болгожээ. Нийт 65.9 мян.га талбайтай. Тус дархан газар нь аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг дархан цаазтай амьтад элбэгтэй уулын нугын ба уулын нугат хээрийн бараан хөрстэй газраар бушилзат нуга, бушилз-ботуульт уулын хээрийн ургамалшилтай. Үүний бүрэлдэхүүнд үнэгэн сүүл, бислэг өвс, улалж, бушилз, ерхөг, өлөн, хиаг, ботууль, мангир, сонгино зэрэг үетэн болон сонгинолог ургамал элбэгтэй. Уг нуруунд янгир ямаа элбэг тул түүнийг нас гүйцсэн ямааны нэрээр" хөх сэрхийн нуруу" хэмээн нэрийдсэн гэдэг.

Нутгийн ардын яриагаар хөгшин янгир Хөх сэрхийн нурууны ноён оргилоос нөгөө ертөнцрүү буудаг гэдгийг сонсоод самсай шархирахгүй байхын аргагүй.
Нэрт найрагч Бэгзийн Явуухулан гуай нэгэнтээ:
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдаалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
гэсэн мөрүүд өөрийн эрхгүй сэтгэлд тодорлоо.

"Тэхийн зогсоол" найраглалаас 1969 он

1 comment: