БАЙТАГТ МӨНХӨРСӨН БААТРУУД
Ховд аймаг
Булган сум бол эх орныхоо баруун хилийг хамгаалсан эрэлхэг дайчдын алдар
цуутай нутаг юмаа. Дэлхийн 2-р дайн Халх голын чөлөөлөх дайн дуусаж энх
амгалан цаг
эхэлсэн байсан боловч баруун хил дээр зэвсэгт
тулгаралтууд удаа дараа болж эх орныхоо төлөө олон хөвгүүд амь насаа
өргөсөн байдаг. 1948 оны 7-р сарын 8-нд Байтаг Богд уулын Бүдүүн
харгайтын голыг уруудан Гоминданы армийн 100 гаруй цэрэг Монголын
хилийг нэвтрэн орж ирэхэд Байтагийн харуулын Хаянхарваа ахлагчтай хилчид
эрэлхэгээр байлдаж
Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын зургаан
дайчин эцсийн сумаа дуустал баатарлаг тулалдаж амь насаа өргөсөн байдаг.
Харуулын агтнаас хамгийн хурдан нь хэмээн Тэгшээгийн хүрэн халзан
морийг унан байлдагч Пэлжээ Уушигийн заставруу давхисан бөгөөд гуч шахам
километр газарт 20 минут давхин очиж нэмэгдэл хүчийг дагуулан авчирж
гоминдануудыг хөөн гаргажээ. Тулалдаан болсон толгойд тухайн үед
хориглон хамгаалан байлдаж байсан дайчдын нуувчууд одоо хүртэл янзаараа
байдаг. Хамгийн урд оройд нь Хаянхарваа байрлаж байсан бөгөөд тулалдааны
дараа шалган үзэхэд Хаянхарваа нэг ч буудаагүй түүний нуувчнаас нэг ч
сумны хонгио олдоогүй гэдэг. Түүхэн үйл явдлын болсон газрыг үзэхээр
тойрон аялагчид удаа дараа очиж сумны хогионуудын түүж авсаар байгаад
одоо нэг ч хонгио олдохоо болисон юм. Хэрэв тухайн газрыг тэр л янзаар
нь хамгаалан үлдээсэнэсэн бол хэн хэрхэн тулалдсан нь одоо ч тодорхойлж
болох байсан даа.
Байтаг богд уулын наахантай Дашнайн алаг
хэмээх нэгэн толгой бий. 1947 онд Булган сумын хил хамгаалах сайн дурын
ардууд хилчидэд туслахаар явж тэр толгойд хоноглосон байдаг. Тэд орой
хоол унд хийн ил гал түлж болгоомж алдсанаас Оспаны хасагуудын анхааралд
өртөж шөнө тэднийг бүслэн буудаж галын ойролцоо хадан дээр цуг унтаж
байсан Дашнаа, Уутан хоёрыг хамтаар нь буудан хороожээ. Түүнээс хойш уг
толгойг Дашнайн алаг хэмээн нэрлэсэн бөгөөд Уутангийн хүү Мөнхдалайн нь
Булган сумын Жаргалын зам нэгдэлийн жороо удамт адууг үржүүлэн өсгөх
ажилд хүчин зүтгэж явсан юм. Уутангийн гэргий нь хожимоо Бүрэнтөгс гэдэг
хүнтэй сууж нэгэн хүү төрүүлсэн нь эдүгээгийн Улсын прокурорын ерөнхий
газрын мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа юмаа.
Булган суманд
Чулуундаа, Чулуудай, Читкээ, Амарзаяа, хоршоо Дүгэр, хасаг толгой Дүгэр,
гээд хилийн тулгаралтанд удаа дараа оролцож явсан ахмад дайчид олон
байсан. Байтагийн уул нь угтаа Монгол улсын нутаг дэвсгэр байсан боловч
одоо бэлээс нь дээш БНХАУ-ын нутаг болж тэр үед Монгол цэргийн хилийн
отряд байрлаж байсан Командын шовгор хэмээх газар Хятадын нутагт оржээ.
Энэ бол түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төрөлх нутгийнхаа
багагүй хэсгийг хятадын талд өгөхөөс аргагүйд хүрсэн гэдээг.
No comments:
Post a Comment